МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн үндэсний чуулган 2017 оны 09дүгээр сарын 12нд  Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн орлогч Аднан Кэрэши нар оролцлоо.

Мөн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож хүнсний салбарт тулгамдаж буй асуудлын талаар дуу хоолойгоо өргөлөө.

 

Уг Үндэсний чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн  төлөөлөл оролцлоо.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжид:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулсан “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”-д оролцогчид бид Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, удирдлага, зохион байгуулалтад санал, дүгнэлт өгөх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин туслах, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой бодит шийдвэр гаргах төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чухал зорилго болохыг онцлон тэмдэглэж, энэхүү зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Эрх зүйн хүрээнд.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх хүрээнд: Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

Хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах;

Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс болсон монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үндэсний аян санаачлан хэрэгжүүлэх;

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол, хүнс, сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны асуудлыг хууль эрх зүй, тогтолцооны хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангаж байхаар шийдвэрлэх;

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшилтын цар хүрээ нэмэгдэж, үржил шимтэй газар нутгийн хэмжээ багасч байгаатай холбогдуулан хамгийн үржил шимтэй газар нутаг болох Дорнодын Халх голыг Газар тариалангийн “үүц” газар болгон хадгалах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.

Хоёр. Засгийн газарт.

Хилийн боомт дээрх хүнсний хяналтын лабораторийг байгуулах, чадваржуулах 

Хүнсний сүлжээний бүх үе шатуудад зохистой дадлыг заавал нэвтрүүлж мөрдөх;

Монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хоногт авах сүү, цагаан идээний зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Үдийн цай” хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдэд “өдөрт нэг аяга сүү”, сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг 200 граммд хүргэх арга хэмжээг дэмжин хэрэгжүүлэх;

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих банкны уян хатан нөхцөлтэй урт, богино хугацааны зээл олгох талаар судлах;

Лабораторийн хог хаягдлыг устгах хүрээнд химийн хортой болон аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах, устгах байгууламж байгуулах;

Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэлийн нэгдсэн, оновчтой тогтолцоо бүрдээгүй, жирийн тариаланчдаас худалдааны сүлжээ байгууллагуудад хүргэх оновчтой ложистикийн тогтолцоог бүрдүүлэх;

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь хөрс, хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг бохирдуулж байгаатай холбогдуулж арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах.

Гурав. Хүнсний хяналтыг дээшлүүлэх.

Импортын хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн бүртгэлжүүлэлтийн хяналтыг чангатгах;

Хүнсний хяналтын бүтэц зохион байгуулалт, тогтолцоог сайжруулах хүрээнд Хүнс, эмийн агентлагийг байгуулах.

Дөрөв. Хэрэглэгчдийн хүнсний тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр.

Хэрэглэгчдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хоол, хүнсний талаарх хичээл оруулах;

Хүн амын эрүүл мэндийн болон хүнсний хэрэглээний боловсролыг сайжруулах чиглэлээр холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх;

Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, төрийн байгууллагын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудад шилжүүлж, салбарын мэргэшсэн боловсон хүчний нөөц бололцоог ашиглах хэрэгтэй байна” гэсэн байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган ийнхүү амжилттай өндөрлөв.