Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монголын Хүнсчдийн Холбоо 1991 оны 12 дугаар сарын 6-нд тэр үеийн Хүнсний аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн удирдах ажилтнууд энэ салбарын төлөө мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санаа нэгдэн хуралдаж, Монголын Хүнсчдийн Холбоог үүсгэн байгуулсан билээ.

Хүнсний аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал баталгаа болох Хүнсний аюулгүй байдлыг хангахад төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлж, нэгдмэл зорилгын дор эвлэлдэн нэгдсэн энэхүү төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдаад эдүгээ 20 жил болж байна. Энэхүү хүндтэй ойг тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо болон түүний салбар зөвлөлийн ажилтан, ажиллагсад, гишүүд, дэмжигчид, салбарын үе үеийн ахмадууд Та бүхэнд Монголын Хүнсчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлье.

Хорин жил гэдэг байгууллагын хувьд богино хугацаа боловч Хүнсчдийн холбоо өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцооны шилжилтийн үеийн сэтгэлгээний хямралыг даван туулж, хүнсний аж үйлдвэрлэлийг бүрэн уналтад оруулахгүйн төлөө хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын төлөө хөрөнгө мөнгө, техник, тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг олон бэрхшээлийг үл харгалзан ихээхэн хүч чармайлт гарган ажилласан билээ. Энэ нөр их ажилд манай салбарын нийт хамт олон, тухайн үеийн удирдах болон инженер техникийн ажилтнууд, албан ажилчид үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна. Монголын Хүнсчдийн Холбоо нь өнөөдөр салбарын эрдэмтэн судлаачид, туршлагатай мэргэжилтнүүд, үйлдвэр, аж ахуйн нэгж, салбарын үе үеийн ахмад тэргүүлэх зэргийн инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн, аж үйлдвэрийн салбарын нэр хүндтэй томоохон төрийн бус байгууллага болон хөгжиж байна.

Монголын Хүнсчдийн Холбоо Хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлын баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичгүүдийг батлан гаргах, тэдгээрийг бодит ажил болгон хэрэгжүүлэх үйлсэд өөрийн салбар зөвлөлүүд, нийт гишүүд, дэмжигчдээр дамжуулан бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

Хүнсчдийн Холбоо цаашид ч Монгол улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ялангуяа экспортын баримжаатай, экологийн цэвэр хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, эерэг дадал зуршил төлөвшүүлэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гишүүд дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлан төрийн болон төрийн бус байгуулагуудтай бүх талаар хамтран нягт ажиллах болно.

Та бүхэнд амьдралын сайн сайхан, үйлдвэрлэл, бизнесийн их амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.Идээ ундаа элбэг дүүрэн, түмэн олон энх амгалан байх болтугай.

 

Монголын Хүнсчдийн Холбооны ерөнхийлөгч  Д.Тэрбишдагва